De gustibus non est disputandum

uugan
4 min readOct 22, 2021

--

Мэдрэмж дээр зөрчилдөх хэрэггүй гэсэн утгатай латин үг юм уу даа. Хүн болгоны хараа, сонсгол өөр өөр болохоор хэн нэгэнд таалагдсан зүйл бусдад таалагдахгүй, бусад хүмүүс тэрийг хүлээж авч чадахгүй байх нь элбэг. Тийм ч учраас эртний ромчууд мэдрэмжтэй холбоотой ямар нэг зөрчил, хэрүүлээс зайлс хийхийн тулд энэ хэлц үгийг ашигладаг байсан бололтой юм.

Ямар нэг барилгын архитектур, плакат, үйлдвэрлэлийн дизайны бүтээлийг хараад ихэнх хүн “эстетик” мэдрэмж буюу гоо сайхныг нь мэдэрч чаддаггүй. Одоо жишээ нь сая баригдсан байгалийн түүхийн музейг нэг их архитектур гадарладаггүй, урбанистик ойлгодоггүй хүн давгүй л барилга гэж харна. Өмнөх барилгыг нураасан нь болж ухааны юм ярина. Яагаад тэр вэ? Мэдрэмжтэй байхад оюун ухаан чухал уу?

Боловсролын тусламжтай мундаг мэдрэмжтэй болж болно. Гармони, эстетик, сайн мууг ялгадаг болно харин та тэнэг бол боломжгүй. Оюун ухаан байж байж мэдрэмжтэй болж чадна гэж л хэлэх гэсэн юм.

Мэдрэмж бол нэг утгаар авч буй урлагийн бүтээлийн чанарыг тодорхойлох чадвар. Урлагийн бүтээлд хөгжим, уран зураг, утга зохиол, кино, театр, архитектур, дизайн гэх мэт ордог. Хүн бүр сайн муу бүтээл болсон гэдгийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг боловч мэдрэмжээ тултал хөгжүүлсэн хүний дэргэд дөнгөж сонирхож буй хүний тайлбар энгийн байх нь дамжиггүй. Яг л виноны амт эсвэл айрагны амтыг олон удаа, олон төрлийг ууж байж ялгадаг болдогтой адил. Яагаад нэг вино 10 доллар, нөгөөх нь 100 долларын үнэтэй байгааг анх ууж эхэлж буй хүн ялгахгүй шүү дээ.

Урлагийн бүтээл сайн муу 2 л төрөл. Ихэнх нь сайн утга зохиолын бүтээлийг муугаас нь ялгаж чадна. Зарим хүмүүс мундаг дуу хөгжмийн мэдрэмжтэй гэдгээ гайхуулж хэргээр шинээр гарсан хамтлагуудын клип үзэлгүй өнгөрөөдөг, тэгээд бусдад тэд нарыг би үздэггүй, шал тэнэг гэхчилэн муулж эхэлнэ. Энэ нийгэмд амьдарч байгаа бол юу болж буйг сайн анзаарч байх хэрэгтэй. Тэгж байж сайн мууг ялгадаг болно. Тэгж байж өөрийн мэдрэмжээ “хүмүүжүүлнэ”. Энэ хүмүүжүүлэх процесс бол үнэтэй — харна, очно, үнэрлэнэ, амтлана, сонсоно. Энэ процесс эргэн тойрноос маш их хамааралтай, ямар гэр бүл, найз нөхөд, байр сууц зэргээс хамаарч тухайн хүний мэдрэмжийн суурь тавигддаг. Одоо эргээд харахад хамт тоглож өссөн найзууд зарим нь үнэхээр мэдрэмжтэй чанартай хувцаслаж байхад зарим нь тийм биш. Тэгээд бодоод үзэхээр тэр хүүхдийн аав, ээж нь тэгж хувцасладаг эсвэл өвөө эмээ нь байж таардаг.

“Бид эхлээд байшин барьдаг гэхдээ байшин эргээд биднийг барьдаг юм” (с) Винстон Черчилль

Скандинавын орныхон их “мэдрэмжтэй” хүмүүс, тэнд Volvo, Ikea үүссэн мөн хотын урбанистик сайн хөгжсөн, график дизайн бүр ярилтгүй. Гэхдээ тэд бүгд бусдаасаа ухаалаг хүмүүс гэсэн үг биш, тэдний орчин нь тэгж иргэдийнхээ мэдрэмжийг хөгжүүлдэг байна. Яг л Черчиллийн хэлсэн шиг.

Ийм орчинд өсч төрсөн бол бид ямархуу байх бсан бол

Манай хот царай муутай байгаа гол шалтгаан бол муу архитекторууддаа байгаа юм биш, харин тийм барилга захиалж буй захиалагчдад байна. Тэдний вкусд буюу мэдрэмжинд байна. Моодыг захиалагчид нь “зааж” өгдөг. Өнөөдрийн Улаанбаатарын өнгө төрхийг тэртээ 1990ээд онд ганзагын наймаанд явж баяжсан ах, эгч нар тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй. Тэдэнд мэдрэмжээ хүмүүжүүлэх, хөгжүүлэх цаг зав байсангүй. Нэг газраас бараа хямд аваад нөгөө газар 10 дахин нугалж ашиг олж байгаа хүмүүст барилгын архитектур, дизайн анхаарах сөхөө ч байгаагүй биз. Олсон мөнгөөрөө хэдэн газар авилгадаж аваад дарчихсан дээр нь төмөр бетонон ширэнгээр дүүргэсээр л. Төмөр бетон рам дээр хятад маягийн шилэн цонхтой барилгууд ихээр баригдсаар л… Улаанбаатар маань хятадын хэдэн хотоос ялгагдахаа байх үе ирэх вий.

Хятадын гигаполис

Гэхдээ үүнээс гарах нэг арга байна — багаас нь хүүхэд, залууст юуг зөв архитектур, зөв дизайн гэдэг талаар зааж өгөх хэрэгтэй мэт. Мөн архитекторууд ч гэсэн болж өгвөл европ эсвэл скандинавын орнууд явж суралцаасай гэж бодогдох юм. Яавал хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах вэ, урбанистик гэж юув гэх мэт семинар сургалтууд явуулахгүй бол эсвэл тийм блог хөтлөхгүй л бол хамгийн европжсон азиудтай гэгдэх Улаанбаатар хотод Хятадынх шиг хүн амьдрахад бэрх төрхтэй барилгууд, оршин суугчдаа бодоогүй төлөвлөлттэй, машин барихыг цаанаасаа уриалан дуудсан хот болсоор дуусах нь.

Хотын маань зарим барилга их сонин:

Энийг шууд шилэн том цонхоор бүрнэ. Энэ дээрх сонин юм нь яг юу вэ?

Баянгол дүүргийн удирдахын хажууд
Бөхийн өргөөнөөс зүүн 4 зам орох дагуу барилга бас дээрээ сонин юмтай

Хятадад гарч байсан барилгын нэг урсгал л юм шиг байна лээ. Ийм барилгуудыг та бүхэн европын хотуудаар харахгүй. Өдрөөс өдөрт хятадшиж буй Улаанбаатарт л харахаар байна. Харамсалтай хэрэг.

Сайхан хоттой болохын тулд урбанистикийн хэдэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй байдаг.

  1. Хот хүн бүрт хүртээмжтэй байх ёстой. Зам, дугуйн зам, тахир дутуу, настай хүмүүс зам гарах орчин нөхцөл, явган хүний зам, мухар гудамжгүй хот г.м.
  2. Хотод оршин байх, үйлчлүүлэх нь таатай байх ёстой. Паркууд, ботаникийн хүрээлэнгүүд, нуур цөөрөм, голын эрэг, тухтай кафе, дэлгүүрүүд, зөв архитектурын шийдэл
  3. Хот байнга өөрчлөгдөх ёстой. Автобусын чиглэлээс авахуулаад байнга шинэчлэгдэж өөрчлөгдөж байх ёстой.
  4. Хотын бүх нөөцийг үр ашигтай ашиглах хэрэгтэй. Нийтийн хүртээмжтэй тээвэр, трамвай, гэрэлтүүлэг, сандал хогийн сав, нийтийн 00 гэх мэт, жил бүр модны доорхыг шохойдхын болиулах
  5. Хот байгалийг сүйтгэдэг байж болохгүй
  6. Хотын төлөвлөлтөнд цаг агаарыг заавал харгалзаж үзнэ. Нэг наст гоёоны ургамал тарихаас зайлс хийх, монголын нөхцөлд тохирсон ургамлуудыг илүү тарих
  7. Хот бүс нутгаас тусдаа хөгжих ёсгүй. Ингэх тусам бүс нутгаас хотруу тэмүүлэгчид нэмэгдэнэ, хот ачааллаа даахгүй болж ирнэ.
  8. Хотын иргэд хот төлөвлөлтөд оролцох ёстой. Тухайн орчинг ямар болгох талаар иргэдээс илүү мэддэг хүн гэж байхгүй, тэдний саналыг сонсож байж хот өөр болно.

--

--

No responses yet